2017-10-26

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.



Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс сэргийлэх

-        Бохирдсон агаар буюу түүнд агуулагдаж байгаа том, нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл болон бусад хорт бодис хүний эрүүл мэнд, үүнд голлон амьсгалын болон зүрх судасны тогтолцоонд богино болон урт хугацааны сөрөг нөлөөллийг үзүүлдэг.
-       Агаарын бохирдлыг гадаад болон дотоод орчны гэж ангилан үздэг.
-       Агаарын бохирдол дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал юм.
-       Бага, дунд орлоготой улс оронд нийгэм-эдийн засгийн томоохон асуудал болж байгаа агаарын бохирдол Монгол Улс, үүнд ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хувьд нэн тулгамдсан асуудал болж, гамшгийн хэмжээнд хүрээд байна.
-       Эрүүл мэндийн салбар агаарын бохирдлын шалтгаан болж байгаа эх үүсвэрийг үгүй болгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй боловч түүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс  иргэдийг сэргийлэх ажлыг хийх боломжтой юм.
-       Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хувь хүн өөрийгөө хамгаалахын тулд агаарын чанарын үзүүлэлт, индексийн талаар ойлголттой болох ёстой. Үүний тулд наад зах нь дараах зүйлийг мэдэх хэрэгтэй.
·         Агаарын чанарыг 1м3 агаарт агуулагдаж байгаа зарим хорт бодисын микрограммаар илэрхийлсэн хэмжээгээр тооцдог.
Агаарын бохирдлын үзүүлэлт  /Агаарын чанарын индекс/
Агаарын чанарын индекс (мкг/м3)
Агаарын чанарын ангилал
0-50
Цэвэр
51-100
Хэвийн
101-250
 Бага зэргийн бохирдолтой
251-400
Дунд зэргийн бохирдолтой
401-500
Их бохирдолтой
500<
Маш их бохирдолтой

-       Улаанбаатар хотын гадаад орчны Агаарын чанарын үзүүлэлт”-ийн талаарх цаг тутмын дэлгэрэнгүй мэдээллийг гар утасны програм болон дараах цахим хуудсаар зочлон авах боломжтой: http://www.agaar.mn/index, http://www.ub-air.info/ub-air/.

Хувь хүн агаарын бохирдлын нөлөөнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-       Бохирдсон агаарыг аль болох бага амьсгалах нь эрүүл мэндээ хамгаалахад баримтлах үндсэн зарчим юм.
-       Гадаад орчны бохирдсон агаарыг бага амьсгалах арга зам
·         Агаарын чанарын үзүүлэлтийг холбогдох эх сурвалжаас харж хэвших
·         Агаарын бохирдол хамгийн их цаг үед аль болох гадагш гарахгүй байх
·         Зайлшгүй шаардлагаар гарсан тохиололд амны хаалтыг заавал зүүх
·         Тээврийн хэрэгсэл ихээр зорчдог томоохон замаас аль болох холуур явах
-       Дотоод орчны бохирдсон агаарыг бага амьсгалах арга зам
·         Агаарын бохирдол ихтэй үед цонх онгойлгохгүй байх, битүүмжлэх
·         Зориулалтын агаар шүүгчийг гэр, ажлын өрөө тасалгаанд хэрэглэх
·         Төвлөрсөн халаалтгүй тохиолдолд боломжтой бол цахилгаан эх үүсвэрийг ашиглах, зуух, түлшний чанарыг хангах
·         Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж хэвших

II. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх
-       Томуу нь томуугийн А, В, С хүрээний вирүсээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Үүний зэрэгцээ амьсгалын замын цочмог халдварт өвчнийг үүсгэдэг адено, рино зэрэг бусад олон төрлийн вирүс үүсгэдгийг томуу төст өвчин гэж нэрлэдэг.
-       Томуу, томуу төст өвчин /ТТТӨ/-ий вирүс байгальд байнга эргэлдэж байдаг   ихэвчлэн хүйтэн, сэрүүний улиралд идэвхжиж, дэгдэлт хэлбэрээр тархдаг.
-       ТТТӨ-ний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварладаг тул маш богино хугацаанд, олон хүнийг хамарсан өвчлөлийг үүсгэдэг. Халдвартай хүн ханиаж, найтаах үед вирүс агуулсан ам, хамрын шүүрлийн дусал эрүүл хүний амьсгалын замд нэвтэрснээр дамжин халдварладаг.
-       Дэлхийн хойд хагаст ТТТӨ нь 10-аас 3 дугаар сарын, харин өмнөд хагаст  4-өөс 9 дүгээр сарын хугацаанд идэвхждэг.
-       Дэлхий дахинд жил бүр олон сая хүн ТТТӨ-өөр өвчилж, 250 000 – 500 000 хүн уг өвчний улмаас нас барж байна.
-       ТТТӨ нь халуурах, толгой өвдөх, үе мөч, булчингаар өвдөх, ядрах, бие сулрах, ханиалгах, хоолой хөндүүрлэх, нус гоожих зэрэг шинж тэмдгээр эхэн үедээ  илэрдэг.
-       ТТТӨ нь уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлаар ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст хүндэрч, үхэлд хүргэх аюултай юм.
-       ТТТӨ-өөр ямар ч насны хүн өвчилж болох хэдий ч дараах бүлгийн хүмүүс хүнд хэлбэрээр өвчлөх, хүндрэл гарах эрсдэл илүүтэй байдаг.
·         5 хүртэлх насны хүүхэд
·         65-аас дээш насны хүмүүс
·         Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны архаг өвчтэй, чихрийн шижинтэй болон бусад архаг суурь өвчтэй хүмүүс
·         Эрүүл мэндийн байгууллагын ажилтан  
·         Жирэмсэн эмэгтэйчүүд
-       Антибиотик нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул вирүсээр үүсгэгддэг ТТТӨ-г эмчлэхгүй. ТТТӨ-ий улмаас биеийн дархлаа суларч хоёрдогчоор нянгийн халдвараар хүндэрсэн тохиолдолд л антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэдэг.

                Хувь хүн ТТТӨ-өөс хэрхэн сэргийлэх вэ                                                                     
-       ТТТӨ-өөс сэргийлэх гол арга зам нь томуугийн вакцин хийлгэх юм.
-       Томуугийн халдвар агуулсан агаарыг амьсгалахаас зайлсхийх нь ТТТӨ-өөс өөрийгөө сэргийлэх үндсэн зарчим юм.
·         ТТТӨ-ний идэвхжлийн үед амны хаалтыг заавал зүүх
·         Ханиаж, найтаах үедээ тохой руугаа эсвэл амны цаас, алчуур хэрэглэж хэвших
·         ТТТӨ-ний идэвжлийн үед ялангуяа эрсдэлт бүлгийн хүн  үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газар аль болох явахгүй байх
·         Зориулалтын агаар шүүгчийг гэр, ажлын өрөө тасалгаанд хэрэглэх
-       Гараа тогтмол зөв, зааврын дагуу савантайгаар угааж хэвших, спиртэнд суурилсан гар ариутгагчийг хэрэглэх
-       Улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах
-       Аминдэм, үүнд ялангуяа А, С аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
-       Ажил амралтаа зөв зохицуулж, хангалттай амрах   
-       Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж хэвших
-       Өвчилсөн тохиолдолд гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх
-       Өвчин шинж тэмдэг даамжирсан тохиолдолд эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах