2015-10-11

Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье



Томуу, томуу төст өвчин нь вирусээр  үүсгэгддэг амьсгалын цочмог  халдварт өвчин юм. Амьсгалын  замын  цочмог халдварт өвчин нь гэнэт өндөр  халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас  нус  гоожих, үе мөч, булчингаар  өвдөх  буюу   ерөнхий  хордлогын шинжээр  илэрдэг.
Томуу Томуу Төст өвчнөөс  хэрхэн  сэргийлэх вэ?
· Өвчлөлөөс  сэргийлэх  хамгийн  сайн  хамгаалалт  нь биеийн эсэргүүцэл  сайн байх  явдал  тул витаминлаг чанарлаг  хоол идэх, биеийн тамирын  дасгал ,хөдөлгөөнийг  эрхэмлэн,  ажил амралтаа зохицуулж , хангалттай амрах. 
· Улирлын  байдалд  тохируулан хувцаслах, хүйтэнд малгай ,ороолт, бээлий хэрэглэх 
· Хамрын  салстыг сонгино, сармисын тосон  ханд, оксолины тос  түрхэх.. 
· Гичтэй  бүлээн усанд  хөлөө  5-10 минут  дүрж, хөлний уланд  тосон иллэг хийх. 
· Витамин С-ээр элбэг  жимс  болон шүүс, витамин С  хэрэглэх 
· Өдөрт 2-3 хумс  сармисыг  хоол, ундандаа  хэрэглэх. 
· Томуу,Томуу төст өвчнөөс  сэргийлэх  цэгчилсэн  иллэг  хийх. 

Томуу, Томуу Төст өвчний  шинж  тэмдэг илэрвэл яах вэ?
· Эмчид  яаралтай  хандаж , эмчийн зөвлөгөөг  баримталж , хэвтрийн дэглэмийг сахиж эмчлэх хэрэгтэй./ халуун аарц, сармистай  хар шөл,чацарганы  шүүс,  халуун гичтэй хоол, цагаан танг  буцалган уух, амаар  уух   шингэнийг ихээр  хэрэглэх, эмчийн бичсэн эм хэрэглэх/
· Амны   хаалт зүүх
· Гараа сайтар савандаж угаах, хүүхдийн тоглоом , аяга,халбага болон  шүдний сойзыг өдөр бүр содын уусмалаар ариутгах.
· Үзвэр үйлчилгээ, олон нийтийн газар,  сэлгүүцэхгүй  байх.
· Антибиотик   хэрэглэхээс зайлсхийх.
· Томуу өвчний үед вируст сонгомол үйлчлэх эмнүүдэд:  интерферон, ремантадин, амандатин, тамифлю, оксолины түрхлэг орно.
· Томуу төст өвчинд шинж тэмдгийн эмчилгээ хийнэ: үүнд: халуун бууруулах, ханиалга намдаах, амьсгалын замыг чөлөөлөх,  хордлого тайлах шингэн хэрэглэх,  ардын уламжлалт  эм, тан ууж  болно.

Томуугаас сэргийлэх аргачилсан зөвлөмж
Ам хамар хоолойд утлага хийх зөвлөмж:
Томуугийн А(H1N1) вирүсийн халдварын үед амьсгалын замын эрхтэнг зонхилж гэмтээдэг учир урьдчилан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор ам, хамар, хоолойд утлага хийх нь ач холбогдолтой юм. Утлагыг 2%-ийн содын уусмалаар хийнэ. 200 мл усанд 4,0 грамм хүнсний сод хийгээд буцалтал халааж, толгойгоо банны алчуур зэргээр бүтээж, 10-15 минут хамраараа уур амьсгалж, амаараа гаргах байдлаар өдөрт 1 удаа утна. Жижиг хүүхэд ээжийн хамт утаж болно. Халуун ус, ууранд түлэгдэхээс болгоомжлох хэрэгтэй.



Цэгийн массаж хийх зөвлөмж:
Томуугийн үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уургийг хүний бие өөрөө үүсгэн бий болгож байдаг. Цэгийн массаж нь таны биеийн энэ нөөц боломжийг идэвхжүүлдэг учир эмчилгээний болон урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Биед интерферон ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд байдаг: Үүнд:
1-р цэг. Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг (хос цэг)
2-р цэг. Хамрын угалзны гадна хэсэг (хос цэг)
3-р цэг. Доод уруулын хонхор (оочийн хонхор)
4-р цэг. Төвөнхийн 2 талд (хос цэг)
5-р цэг. Эгэмний дээд хонхор (хос цэг)
6-р цэг. Эрхий долоовор хурууны дунд (хос цэг)
7-р цэг. Чихний арын төвгөр хөхлөг ургацаг (хос цэг)
8-р цэг. Шилийн хонхорын 2 талд, үсний доод захад (хос цэг)

Цэгийн массажыг хийхдээ заасан цэгүүдэд долоовор хурууны өндөгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв 3 эргүүлж, нар буруу 3 эргүүлж хийнэ. Өдөрт 3-6 удаа, боломжоороо олон хоног, байнга хийхэд сайн.