2015-02-05

Эрүүл мэндийн довтолгоон

Эрүүл мэндийн яамнаас иргэд, айл өрхийн хүрээнд "Эрүүл мэндийн довтолгоо"  2014 оноос эхлүүлсэн. Учир нь хүний эрүүл мэндэд нөлөөлдөг хүчин зүйлийг 100% гэж үзвэл хувь хүний амьдралын буруу хэвшил, зан үйлээс 55-60% нь шалтаалдаг болохыг ДЭМБ тогтоосон. Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнүүдэд зүрх судасны өвчин, хорт хавдар, чихрийн шижин өвчин, осол гэмтэл зэрэг эмгэгүүд ордог бөгөөд манай улсын хувьл эдгээр өвчлөл жилээс жилд нэмэгдэж байна. Хэрэв бид амьдралын буруу хэвшлээ өөрчилж чадвал зүрх судасны өвчнөөс 90%, хорт хавдараас 50%, чихрийн шижин өвчнөөс 70% тус тус сэргийлж чадна.

Бидний эрүүл мэнд та бидний гарт байдаг учраас бүгдээрээ амьдралын буруу хэвшлээ алхам алхамаар өөрчлөе!!!


1. Идэвхтэй хөдөлгөөн, алхалт, дасгал нь эрүүл мэндээ хайрладаг хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.
2.Зохистой, зөв хооллолт нь эрүүл, саруул, урт удаан наслахыг эрмэлздэг хүн бүрийн эрхэмлэн хэрэгжүүлэх дадал мөн.
3.Уур, бухимдлаа зөв удирдаж, сэтгэл санаагаа амар, амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал мөн.
4.Тамхинаас татгалзаж, өөрийгөө болоод бусдыгаа хорт утаагаар хордуулахгүй байх нь өөртөө болоод гэр бүлдээ хайртай хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.
5.Архины хэт хэрэглээ, түүний хор хөнөөлөөс сэргийлэх нь эрүүл мэнд, ирээдүйдээ хайртай хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.
6.Ундны усны хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хянаж, цэвэр, сайн ус уух нь айл бүрийн өдөр тутмын амьдралд заавал хэвшүүлэх дадал мөн.
7.Гэрийн доторх болон амьдарч байгаа орчныхоо ариун цэврийг сахих нь айл бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.
8.Эрүүл үедээ жирэмсэлж, жирэмсэн үедээ эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэх нь айл бүрийн амин чухал дадал мөн.
9.Эрчүүдээ хайрлаж, тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах нь та бидний амьдралдаа нэн даруй хэвшүүлбэл зохих дадал мөн.
10.Нялхас, бага, балчир хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн торниулах мэдлэг, хандлагатай байх нь эцэг, эх бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.
11.Охид, хөвгүүдээ хайрлан, халамжилж, тэднийг өөртөө итгэлтэй, бусдын хүчирхийлэл, нөлөөнд автахгүй болгон төлөвшүүлэхэд хүчин чармайлт гаргадаг байх нь эцэг, эхэд зайлшгүй байх дадал мөн.
12.Сэтгэл хангалуун, урт, удаан наслах нь хүн бүрийн хүсэлд нийцсэн дадал мөн.
13.Өөрийнхөө цусны даралтаа хянаж чаддаг, ихэдсэн үед нь цаг алдалгүй арга хэмжээ авч сурах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.
14.Телевиз, гар утас, компьютер зэрэг хэрэгслийг хэт их хэрэглэснээс үүсэх ”Дэлгэцийн донтолт”-оос үр хүүхдээ хамгаалах нь та бидний хойшлуулшгүй хэвшүүлэх дадал мөн.
15.Осол, гэмтлээс сэргийлж, хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлийг бууруулах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.
16.Эрүүл мэндийн мэдээлэл авах, мэдлэгтэй болох, амьдралын буруу хэвшлээ өөрчлөх хүсэл зоригтой болох, өвчин эмгэг илэрвэл эмнэлэгт эрт хандаж сурах нь хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.
17.Эм бол хоол биш. Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн.
18.Халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамрагдаж, халдварт өвчнөөс өөрсдийгөө болоод үр хүүхдээ хамгаалах нь та бидний заавал хэвшүүлэх дадал мөн.
19. Өөртөө болоод гэр бүлийнхээ гишүүнд эмнэлгийн тусламж иртэл, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хүн бүр үзүүлж чаддаг байх нь амин чухал дадал мөн.
20.Ахуйн болон орчны гаралтай химийн хордлогоос хамгаалах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.
21.Иргэн та зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг идэвхгүй хүлээн авагч биш, эрүүл мэндийнхээ төлөө өөрийхөө хийж чадах зүйлийг хийдэг, эрүүл мэндийхээ төлөө бусдаар хэрэгтэй зүйлийг хийлгэж чаддаг нийгмийн идэвхтэй гишүүн байх нь таны зайлшгүй эзэмших ёстой дадал мөн.  

"Завал хэвшүүлэх 21 дадал"-ыг өдөр тутмынхаа амьдралд алхам алхамаар хэрэгжүүлбэл хүн бүрт, айл гэр бүрт эрүүл энхийн ээлтэй хаалга нээгдэх болно.