2014-12-06

ХҮҮХДИЙН АСАРГАА, ХООЛЛОЛТ

Хүүхэд эсэн мэнд төрж, эрүүл энх бойжих нь аав ээжийн зөв асарч сувилахаас шалтгаалдаг.  Асаргаа сувилгаа гэдэгт хүүхдийг хөхөөр хооллох, нэмэгдэл хоолонд зөв оруулах, дархлаажуулалтанд товлолын дагуу хамруулах, хүүхдийг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчилсөн үед нь гэртээ зөв асрах, хооллох зэрэг өргөн хүрээтэй асуудлууд орно.
ХӨХӨӨР ХООЛЛОХ
 Бид яагаад хөхөөр хооллолтыг дэмжих ёстой вэ?
  • Эх хүүхдийн эрүүл мэндэд тустай
  • Эх үрийн нандин холбоонд чухал үүрэгтэй
  • Эдийн засгийн хувьд хэмнэлттэй
  • Экологийн хувьд давуу талтай
  • Хөхний сүү ямагт хэвийн хэмээ барина
  • Хэзээ ч муудахгүй, ариун байдаг.
Эх хүүхдээ зөв хөхөж байгааг яаж мэдэх вэ?
  • Хүүхдийн аманд хөхний толгой болон нөсөө бүрэн орж, гүйцэд үмхэгдсэн, хацар хонхойхгүй байна.
  • Хүүхэд тайван, нэг хэвийн, удаан хөхнө
  • Хөхөх үед хэл нь хөхөө тойрон бүрээд харагдаж байх ёстой
  • Хүүхдийн хөхөө хөхөж байгаа чимээ гарахгүй, харин сүүгээ залгиж буй чимээ гарна.
Хүүхэд хөхүүлэх зөв байрлал

  • Ээж нь өөртөө аль эвтэй байдлаар хөхүүлнэ
  • Ээж хэт бөхийвөл амархан ядрах тул хүүхдийн дор дэр тавьж өндөрлөж өгнө
  • Хүүхдийн бие эхийн биед сайн хүрэлцэнэ
  • Хүүхдийг эхийн бие рүү харуулж тэврэнэ
  • Хүүхдийн толгой бие тэгш байна
  • Хүүхдийн эрүү, хамрын үзүүр нь ээжийн хөхөнд хүрч байна.