2017-11-08

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлүүд

Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлүүд Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлүүд Анхны удаа бэлгийн хавьталд орж байгаа хосуудын бараг тал хувь нь жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэдэггүй. Зарим нь хаанаас зөвөлгөө авахаа мэдэхгүй, мөн асуухаасаа ичих зэргээсээ болоод хэрэглэхгүй л байдаг. Тэд магадгүй жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэх нь бусад хүмүүсийн хариуцах асуудал гэж боддог байж олох юм. Мөн нөгөө хэсэг нь жирэмслэхээс зайлсхийж чадна гэж бодож байхад зарим нь магадгүй хүүхэдтэй болохыг хүсч байж болох л доо. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглэхгүйгээр бэлгийн хавьталд орж байгаа хосууд байнга л эрсдэлтэй алхам хийж байна гэсэн үг. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэглээгүйгээс жирэмслэх магадлал маш өндөр байдаг. Залуу нас жирэмслэх хамгийн өндөр боломжтой үе юм. Жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэлүүд Жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар эмч, гэр бүл төлөвлөлтийн кабинетээс үнэ төлбөргүй бөгөөд хувь хүний нууцыг чанд хадгалсан зөвлөгөө авах эрх хүн бүрд байдаг билээ. Бэлгэвчийг ТҮЦ , эмийн сангаас авч болно. Ер нь бэлгийн хавьталд орохын өмнө жирэмслэлтээс хамгаалах ямар нэг хэрэгсэл хэрэглэх тухай заавар бодох хэрэгтэй бөгөөд, ингэснээр олонхи эцэг эх бэлгийн харилцаанд орох сонирхлыг хүүхдүүдээ төрүүлэх магадлалтай гэж үзэх хандлагатай байдаг ч, энэ нь бодит байдалд тийм биш юм. Жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслийн талаар мэдлэгтэй болох нь өөрийн амьдралдаа хариуцлагатай хандаж буйн нэг жишээ билээ. Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэх эсэхээ төлөвлөж байгаа хосууд ямар төрлийн хэрэгсэл хэрэглэх, хэн нь түүийг олж ирэх талаар сайн зөвшилцөх хэрэгтэй. Зарим хос хамтдаа эмнэлэгт очиж, мэргэжлийн эмчээс энэ талаар зөвлөгөө авдаг. Зөвлөгөө өгч буй эмч, эмнэлгийн ажилтнууд нууц хадгалах үүрэг хүлээдэг учраас санаа зоволгүй ямар ч асуулт асууж болно. Хувийн болон улсын эмнэлгийн эмч нар жирэмслэлтээс хамгаалах ихэнх хэрэгслийн жорыг бичиж өгнө. Эрэгтэй эмэгтэй бэлгэвч Эрэгтэй хүн шодойндоо  углахад зориулсан бортгон хэлбэртэй резинэн хүүдийг  бэлгэвч гэнэ.  Бэлгэвч нь гонзгой уут хэлбэртэй, мухар, төгсгөлийнхөө үзүүрт  үрийн шингэн хуримтлагдахад зориулсан зайтай.  Бэлгийн хавьтлын туршид бэлгэвч шодойг бүрхэн үрийн шингэнийг эмэгтэйн үтрээнд орохоос сэргийлдэг.    Эрэгтэй эмэгтэй бэлгэвч Хэрэглэхэд хялбар болгох үүднээс бэлгэвчийг зориулалтын тосоор тосолсон байдаг. Хэрэв нэмэлт тосолгоо шаардлагатай бол зориулалтын усан суурьтай тосыг ашиглана. Вазелин, ургамлын тос гэх мэт тосон суурьтай тосууд нь бэлгэвчийг гэмтээдэг.   БЭЛГЭВЧ нь ХДХВ/ДОХ/БЗДХ болон хүсээгүй жирэмслэлтээс зэрэг хамгаалж чаддаг цорын ганц хэрэгсэл юм.  Бэлгэвчийг бүх төрлийн бэлгийн хавьтлын /үтрээгээр, шулуун гэдсээр, амаар/ үед хэрэглэж болно. Эрэгтэй эмэгтэй бэлгэвч Эр ба эм бэлгэвч нь үрийн шингэн умайн хүзүүгээр дамжин умайд орохоос сэргийлнэ. Хамгаалах магадлал 90% Эмэгтэй бэлгэвч дотор, гадна хоёр цагирагтай нийлэг эдээр хийсэн маш уян, дулаан дамжуулах чадвар сайтай, эр бэлгэвчийг хийдэг материалаас арав дахин бат бөх, дэлхийн дундаж стандарт болох 17 см урттай эр бэлгэвчийг бодвол хоёр дахин өргөн хэмжээтэй. Уян чанартай учир биеийн хэлбэрийг дагаж байрладаг, ямар нэг гаж нөлөөгүй. Эрэгтэй эмэгтэй бэлгэвч Дотор талын цагираг нь бэлгэвч суларч гарахаас, харин гадна талын цагираг нь дотогшоо чихэгдэж орохоос сэргийлдэг. Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэхдээ өөрийн биед таардаг ямар нэг тосыг хэрэглэж болно. Гадна дотно цагариг нь буруу байрлуулсан тохиолдолд бага зэрэг өвдөлт өгч болно. Дугуй хэлбэртэй уян цагираг нь хумигдаж явж байгаад умдагны ясны ард хэсэгт байрлавал энэ нь зөв байрлал болно. Тэр хэсэгт тэлэгдэж байрлалаа олдог. Ингэж зөв байрлуулвал ямар ч өвдөлт, зовиур үүсэхгүй. Эмэгтэй бэлгэвчийг хэрэглэх заавар   1. Бэлгэвчний уутыг сумны дагуу дээрээс нь доошоо чиглэлд задалж бэлгэвчийг гаргана.  2. Хэвтэх, эсвэл зогсоод нэг хөлөө сандал дээр тавих гэх мэтээр өөртөө тохиромжтой байрлалыг олно.  З. Бэлгэвчний дотор цагирагийг гурван хуруугаараа хавчиж үтрээ рүү оруулна.  4. Долоовор болон дунд хуруугаа бэлгэвчийн дотор хийж дотор цагирагийг аль болох гүн хийнэ.  5. Гадна буюу том цагираг нь гадна бэлэг эрхтэн дээр байрлана.   6. Үрийн шингэн ялгарсны дараа гаднах цагирагийг барьж бэлгэвчийг мушгин авна.  7. Цаасанд боож хогийн саванд хийнэ. Жорлонд хийж болохгүй. Эрэгтэй бэлгэвчийг хэрэглэх заавар Бэлгэвчийн уутны бүрэн бүтэн байдал болон хэрэглэх хугацаа нь дууссан эсэхийг шалгаарай. Хэрэв хугацаа нь дууссан бол хэрэглэж болохгүй. Уутыг задлахдаа бэлгэвчийг урах, цоолохоос болгоомжил. Бэлгэвчийг хэрэглэхээс өмнө эрчлээг задалж болохгүй. Бэлгэвчийн үзүүр дэх агаарыг чимхэж гаргаад үрийн шингэн хуримтлагдах зайг үлдээнэ. Энэ үзүүрээ чимхсэн хэвээр хөвчирсөн бэлэг эрхтэнд углаж, эрчлээг бэлэг эрхтний уг хүртэл задална. Бэлэг эрхтнийг сулрахаас нь өмнө бэлгэвчийг болгоомжтой сугалж авна. Хэрэглэсэн бэлгэвчийн амыг зангидаад цаасанд боогоод хогийн саванд хаяна. Мөн шатааж, газарт булж устгаж болно. Дааврын хавсарсан эм Микрогинон /MICROGYNON/ Энэ нь жирэмслэлт болон төрөлтөө зохицуулахыг хүссэн бүх насны эмэгтэйчүүд хэрэглэхэд тохиромжтой хялбар, үр дүнтэй, аюулгүй арга юм. Эмийг хэрэглэхээ болимогц жирэмслэх боломжтой. Нэг хавтгай нь 28 ширхэг шахмалаас бүрдэх ба үүнийг нэг сарын турш хэрэглэнэ. Эхний 21 ширхэг шар өнгөтэй шахмал нь жирэмслэхээс хамгаалах дааврыг агуулах ба бусад 7 бор шахмал нь төмрийн бэлдмэл юм. Дааврын хавсарсан эм Ашигтай тал нь: –    Сарын тэмдэгийн үеийн өвдөлтийг багасгана –    Сарын тэмдэг их хэмжээтэй ирэхийг багасгана –    Өндгөвчний болон умайн салстын хавдараас сэргийлнэ –    Хөхний хорт хавдар үүсэх эрсдэлийг бууруулна Гаж нөлөө: –    Эхний нэг, хоёр сард хөх чинэрэх, толгой өвдөх, бөөлжис цутгах зэрэг зовиур илрэх ч аажимдаа арилна. –    Удаан хугацаагаар хэрэглэвэл даралт ихсэх, зүрх өвдөх, судасны бөглөрөлийн шинжүүд илэрч болзошгүй тул эмчид үзүүлж зөвлөгөө авсаны дараа хэрэглэхийг зөвлөж байна. Дараах тохиолдолд эмийг хэрэглэхээс өмнө заавал эмчийн зөвлөгөө аваарай. –    Толгой таллаж өвддөг –    Татаж унадаг –    Арьсны хүнд хэлбэрийн харшилтай эсвэл багтраа өвчтэй –    Тамхи байнга татдаг Эмийг хэрэглэж байх үед дараах шинж тэмдэг илэрвэл эмчид хандаарай. –    Цээж давчдах –    Нүд харанхуйлах –    Үтрээнээс цус алдах Дааврын хавсарсан эм FEMINYL/ ФЕМИНИЛ/   Жирэмслэхээс хамгаалах дааврын хавсарсан уух бэлдмэл юм. Уг эм нь хүний биед хэвийн үед ялгарч байдаг  прогестрон ба эстроген даавруудыг (гормон) агуулдаг ба шахмалд агуулагдах тун нь энэ төрлийн бусад дааврын хавсарсан бэлдмэлтэй адил тунгаар савлагдсан байдаг.    Феминил жирэмслэхээс хамгаалах эм нь зааврын дагуу зөв хэрэглэвэл үр дүнтэй бөгөөд урт хугацаанд хэрэглэснээр хүний биед ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй.   Дааврын хавсарсан эм Феминилийг хэрхэн хэрэглэх вэ?  Биений юм ирсэн эхний өдрөөс бэлдмэлийг сумны  дагуу ууж хэрэглээрэй. Бэлдмэлийг өдөр бүр нэг ширхэгээр  тогтмол цагт (ууснаар цагаан өнгөтэй ) 21 ширхэгийг 21 хоногт ууж дуусна . Феминилийн 21, төмрийн 7 ширхэг бэлдмэлийг биений юмны мөчлөгийн эхний өдрөөс  нийт 28 хоногт бүрэн ууж дуусна.    Та өдөр бүр тогтмол цагт эмээ марталгүй ууж хэвших нь жирэмслэхээс хамгаалахад маш чухал нөлөөтэйг санаарай. Хэрэв та өөр нэрийн дааврын хавсарсан эм хэрэглэдэг бол эмээ ууж дуусаад феминилийг шууд  хэрэглэж болно. Дааврын хавсарсан эм Смарт Лэди /SMART LADY – PREGNON/ Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эм Уг эмийг бэлгийн хавьталд орсны дараа 72 цаг буюу 3 өдрийн дотор аль болох ойр хугацаанд уух хэрэгтэй. 24 цагийн дотор эмийг хэрэглэвэл: 95 хувь 25-48 цагийн дотор эмийг хэрэглэвэл: 85 хувь 49-72 цагийн дотор эмийг хэрэглэвэл: 58 хувь буюу Дааврын хавсарсан эм Эмийг хэрэглэх арга, тун  Бэлдмэлийг бэлгийн хавьтлын дараа 72 цагийн дотор 750 мкг тунгаар ууж хэрэглэх бөгөөд эхний тунгаас хойш 12 цагийн дараа дахин 750 мкг тунгаар хэрэглэнэ. Эмийн ашиг тус –    Хөхний хавдараас урьдчилан сэргийлнэ –    Төмөр дутагдлын цус багадалтыг бууруулах –    Эндометрийн хавдараас сэргийлэх –    Умайн гаднах жирэмслэлтээс сэргийлэх –    Өндгөвчний хавдараас урьдчилан сэргийлэх –    Сарын тэмдэгийн мөчлөгийг тогтмолжуулах Эмийг уусны дараа эмчид хандах хэрэгтэй юу? –    Өөрийгөө жирэмсэн гэж үзсэн тохиолдолд –    Сарын тэмдэгийн мөчлөгийн хугацаа 7 өдрөөр хойшлох эсвэл хугацаа нь богиносох, мөчлөг хэвийн ирдэг хэмжээнээс багасах –    Гэнэт хөвлийн доод хэсгээр өвдөх зэрэг шинж тэмдэг нь умайн гаднах жирэмслэлт байж болзошгүй тул яаралтай эмчид хандах хэрэгтэй. Харин: –    Эмийг буруу хэрэглэсэн –    БЗДХ-т өвчин туссан байж болзошгүй гэж үзсэн тохиолдолд эмчид хандаж зөвлөгөө авах хэрэгтэй.  Ерөндөг (IUD- intrautherine device) Эр бэлгийн эсүүд өндгөн эсэд хүрэхэд юмуу үр тогтсон өндгөн эсэд умайн салст давхаргад бэхлэгдэхэд саад хийдэг юм. Ихэнх ерөндөг нь 2-4 см урттай, үзүүртээ зэс утастай пластик зүйл байдаг. Жирэмслэлтээс хамгаалах магадлал 97% боловч үрэвсэлт өвчин үүсэх боломжийг ихэсгэдэг муу талтай. Мөн анх тавихад зөв, сайн тавих шаардлагатай. Ерөндөг буюу спираль тавихад хамгийн тохиромжтой үе нь сарын тэмдэг дөнгөж ирээд дуусах үед байдаг. Хэрэглэх арга Ерөндгийг тавихад харшлах заалт байгаа эсэхийг ялангуяа эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин, БЗХӨ байгаа эсэхийг сайтар шинжилж нягталсны үндсэн дээр эсвэл эмчилсний дараа эмнэлгийн нөхцөлд умайн хөндийд тавина Хэрхэн хамгаалдаг вэ? Зэстэй ерөндөг нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах ба хөдлөх орчныг өөрчилж, улмаар үр тогтох явцыг саатуулдаг. Умайн ханын салст бүрхэвчийг цочроосноор тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх, цаашид өсөж хөгжих явцыг саатуулдаг. Давуу тал: Өндөр үр дүнтэй Удаан хугацааны үйлчилгээтэй (10 жил хүртэл) Ерөндөгийг авсаны дараа жирэмслэх процесс хурдан сэргэнэ. Хөхүүл үед хэрэглэх боломжтой Бэлгийн харилцаанд сөрөг нөлөөгүй Даавар бүхий ерөндөг нь биений юмны өвдөлтийг багасгах, умайн гаднах жирэмслэлт үүсэхийг сэргийлэх Сөрөг тал Сарын тэмдэг өвдөлттэй, их хэмжээгээр ирдэг Гарах цусны хэмжээ ихсэх БЗХӨ-с сэргийлэх боломжгүй Умайн гаднах жирэмсэн болох боломжтой Умайн хөндий цоорох аюултай Ерөндөг тавих эсрэг заалт Хурц үрэвсэл Шалтгаан тодорхойгүй умайн цус алдалт Умайн хүзүү, үтрээний үрэвсэл шархлаа Төрсний дараах 48 цагаас 4 долоо хоног хүртэлх хугацаанд БЗХӨ Жирэмсэн Өндгөвчийн болон умайн хавдар Анхаарах зүйл  Ерөндөг тавиулснаас хойш эхний сард 1 удаа шалгах хэрэгтэй. Хэвлийн доод хэсгээр хүчтэй өвдөх, ухаан балартах  Бэлгийн хавьтлын үед өвдөх  Ерөндгийн утас нь тэмтрэгдэхгүй байх, утас нь уртассан эсвэл богиноссон байх зэрэг шинжүүдийн аль нэг нь илэрсэн бол яаралтай эмчид үзүүлэх хэрэгтэй Арьсан доорх суулгац Жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл болгож арьсан доор суулгадаг тусгай жижиг уутанцар буюу капсулуудыг арьсан доорх суулгацууд /имплантант/ гэж нэрлэнэ. Эдгээр уутанцар буюу капсулуудад агуулагддаг гормон нь уутанцарын ханыг нэвтлэн цаг хугацааны хувьд жигд хэмжээгээр цусанд нэвчих замаар жирэмслэлт үүсэхээс сэргийлэх механизмыг эхлүүлж байдаг. Норплант, Левоногестрел гэсэн нэрээр худалдаанд гардаг. Хэрэглэхэд анхаарах зүйлс Нүдний хараа богино хугацаанд эрс муудах, цаашид зургаан сарын турш хөдөлгөөнгүй байх заалттай хагалгаанд орох, судасны хана нь цаашид бөглөрөх аюултайгаар өрөвсөх, судас нөжрөлтөнд бөглөрөх, элэгний хурц эмгэгийн шинж тэмдэг, мигрень буюу толгой таллаж өвдөхтэй төстэй өвдөлт зэрэг үед уутанцар буюу капсулыг нэн даруй буцаан гаргаж авна. Цаашид зургаан сар түүнээс их хугацаатайгаар хэвтрийн дэглэм сахих шаардлагатай хагалгаанд орох шаардлагатай үед хагалгаа хийхээс 6 долоо хоногийн өмнөөс капсулуудыг авна. Ариун цэврийн горим сахиж чадаагүй, суулгах явцад алдаа гаргасан үед суулгацын орчимд үрэвсэл үүсэж болзошгүй. Элэгний хурц болон архаг эмгэгийн үед 8-12 долоо хоног тутамд элэгний сорьц авч хяналт тавьж байх шаардлагатай. Барбитурат, рифампицин, карбамазепин, дифенин зэргийн бэлдмэлүүдтэй хэрэглэх үед норплантын үр ашигтай байдал буурдаг. Сөрөг нөлөө Сарын тэмдэгийн мөчлөг өөрчлөгдөх. Өөрөөр хэлбэл сарын тэмдэг тогтмол бус ирдэг болох, эсвэл сарын тэмдэг ирэхээ зогсох, ирэхдээ урт хугацаатай ирдэг болох, гадагшлах зүйлсийн хэмжээ багасах зэрэг шинж тэмдэг нь арьсан доорх суулгац хэрэглэсэн нийт эмэгтэйчүүдийн 30 хувьд нь эхний гурван сард илэрдэг бол 20 хувьд нь анхны нэг жилийн сүүлээр илэрдэг байна. Гирсутизм буюу уруул, эрүүнд сахал ургах зэргээр эрэгтэй хүний маягаар үс ургах. Заримдаа бэлгийн дүр хүсэл буурах, өөрөө аяндаа алга болдог буюу транзитор киста үүсэх, толгой өвдөх, сэтгэл гутралд орох, дотор муухайрах, жин нэмэх. Цөөн цохилдолд батга гарах, арьс үрэвсэл, үс унах, судас бөглөрөх, Цээрлэх буюу хэрэглэхийг хориглох тохиолдлууд Жирэмслэлт, элэгний үрэвслийн биш эмгэг, жирэмсэн нь тогтоогдох, элэгний хурц эмгэг, Дубин Жонсоны хам шинж, Роторын хам шинж, саран хэлбэрт эсийн дутагдал, хөхний хорт хавдар, герпесийн вирусээс үүдэлтэй арьсны тууралт, цусны нөжрөлтөөс үүсэлтэй судасны бөглөрөлт, шалтгаан нь тогтоогдоогүй цус алдалт, өөх тосны солилцооны илэрхий алдагдал. Мэс заслын арга Үрийн суваг боох арга Эрэгтэй хүнийг үргүй болгохдоо үрийн сувгийг таслах мэс ажилбар (vasectomia) хийнэ. Ингэснээр эр бэлгийн эс шодойноос үрийн шингэний хамт гарахаас сэргийлнэ. Харин эмэгтэй хүнийг үргүй болгох арга нь умайн гуурсан хоолойг таслах буюу боох замаар хэрэгжих бөгөөд ингэснээр өндгөн эс умайд нэвтрэн орохоос хамгаална. Аль аль нь хүний бэлгийн сонирхол, таашаалд нөлөөлөхгүй. Сэргийлэх баталгаа: 100 хувьтай. Дутагдалтай тал: Насан туршдаа дахин үр тогтоох боломжгүй болно. Анхаарал тавьсанд баярлалаа

2017-10-30

2017-10-26

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧИНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛЖ БАЙНА.



Агаарын бохирдлын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс сэргийлэх

-        Бохирдсон агаар буюу түүнд агуулагдаж байгаа том, нарийн ширхэгт тоосонцор, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл болон бусад хорт бодис хүний эрүүл мэнд, үүнд голлон амьсгалын болон зүрх судасны тогтолцоонд богино болон урт хугацааны сөрөг нөлөөллийг үзүүлдэг.
-       Агаарын бохирдлыг гадаад болон дотоод орчны гэж ангилан үздэг.
-       Агаарын бохирдол дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа асуудал юм.
-       Бага, дунд орлоготой улс оронд нийгэм-эдийн засгийн томоохон асуудал болж байгаа агаарын бохирдол Монгол Улс, үүнд ялангуяа нийслэл Улаанбаатар хотын хувьд нэн тулгамдсан асуудал болж, гамшгийн хэмжээнд хүрээд байна.
-       Эрүүл мэндийн салбар агаарын бохирдлын шалтгаан болж байгаа эх үүсвэрийг үгүй болгох асуудлыг шийдвэрлэх боломжгүй боловч түүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөнөөс  иргэдийг сэргийлэх ажлыг хийх боломжтой юм.
-       Агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хувь хүн өөрийгөө хамгаалахын тулд агаарын чанарын үзүүлэлт, индексийн талаар ойлголттой болох ёстой. Үүний тулд наад зах нь дараах зүйлийг мэдэх хэрэгтэй.
·         Агаарын чанарыг 1м3 агаарт агуулагдаж байгаа зарим хорт бодисын микрограммаар илэрхийлсэн хэмжээгээр тооцдог.
Агаарын бохирдлын үзүүлэлт  /Агаарын чанарын индекс/
Агаарын чанарын индекс (мкг/м3)
Агаарын чанарын ангилал
0-50
Цэвэр
51-100
Хэвийн
101-250
 Бага зэргийн бохирдолтой
251-400
Дунд зэргийн бохирдолтой
401-500
Их бохирдолтой
500<
Маш их бохирдолтой

-       Улаанбаатар хотын гадаад орчны Агаарын чанарын үзүүлэлт”-ийн талаарх цаг тутмын дэлгэрэнгүй мэдээллийг гар утасны програм болон дараах цахим хуудсаар зочлон авах боломжтой: http://www.agaar.mn/index, http://www.ub-air.info/ub-air/.

Хувь хүн агаарын бохирдлын нөлөөнөөс хэрхэн сэргийлэх вэ?
-       Бохирдсон агаарыг аль болох бага амьсгалах нь эрүүл мэндээ хамгаалахад баримтлах үндсэн зарчим юм.
-       Гадаад орчны бохирдсон агаарыг бага амьсгалах арга зам
·         Агаарын чанарын үзүүлэлтийг холбогдох эх сурвалжаас харж хэвших
·         Агаарын бохирдол хамгийн их цаг үед аль болох гадагш гарахгүй байх
·         Зайлшгүй шаардлагаар гарсан тохиололд амны хаалтыг заавал зүүх
·         Тээврийн хэрэгсэл ихээр зорчдог томоохон замаас аль болох холуур явах
-       Дотоод орчны бохирдсон агаарыг бага амьсгалах арга зам
·         Агаарын бохирдол ихтэй үед цонх онгойлгохгүй байх, битүүмжлэх
·         Зориулалтын агаар шүүгчийг гэр, ажлын өрөө тасалгаанд хэрэглэх
·         Төвлөрсөн халаалтгүй тохиолдолд боломжтой бол цахилгаан эх үүсвэрийг ашиглах, зуух, түлшний чанарыг хангах
·         Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж хэвших

II. Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх
-       Томуу нь томуугийн А, В, С хүрээний вирүсээр үүсгэгддэг амьсгалын замын цочмог халдварт өвчин юм. Үүний зэрэгцээ амьсгалын замын цочмог халдварт өвчнийг үүсгэдэг адено, рино зэрэг бусад олон төрлийн вирүс үүсгэдгийг томуу төст өвчин гэж нэрлэдэг.
-       Томуу, томуу төст өвчин /ТТТӨ/-ий вирүс байгальд байнга эргэлдэж байдаг   ихэвчлэн хүйтэн, сэрүүний улиралд идэвхжиж, дэгдэлт хэлбэрээр тархдаг.
-       ТТТӨ-ний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварладаг тул маш богино хугацаанд, олон хүнийг хамарсан өвчлөлийг үүсгэдэг. Халдвартай хүн ханиаж, найтаах үед вирүс агуулсан ам, хамрын шүүрлийн дусал эрүүл хүний амьсгалын замд нэвтэрснээр дамжин халдварладаг.
-       Дэлхийн хойд хагаст ТТТӨ нь 10-аас 3 дугаар сарын, харин өмнөд хагаст  4-өөс 9 дүгээр сарын хугацаанд идэвхждэг.
-       Дэлхий дахинд жил бүр олон сая хүн ТТТӨ-өөр өвчилж, 250 000 – 500 000 хүн уг өвчний улмаас нас барж байна.
-       ТТТӨ нь халуурах, толгой өвдөх, үе мөч, булчингаар өвдөх, ядрах, бие сулрах, ханиалгах, хоолой хөндүүрлэх, нус гоожих зэрэг шинж тэмдгээр эхэн үедээ  илэрдэг.
-       ТТТӨ нь уушгины хатгалгаа, амьсгалын дутагдлаар ялангуяа эрсдэлт бүлгийн хүмүүст хүндэрч, үхэлд хүргэх аюултай юм.
-       ТТТӨ-өөр ямар ч насны хүн өвчилж болох хэдий ч дараах бүлгийн хүмүүс хүнд хэлбэрээр өвчлөх, хүндрэл гарах эрсдэл илүүтэй байдаг.
·         5 хүртэлх насны хүүхэд
·         65-аас дээш насны хүмүүс
·         Амьсгал, зүрх судасны эрхтэн тогтолцооны архаг өвчтэй, чихрийн шижинтэй болон бусад архаг суурь өвчтэй хүмүүс
·         Эрүүл мэндийн байгууллагын ажилтан  
·         Жирэмсэн эмэгтэйчүүд
-       Антибиотик нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул вирүсээр үүсгэгддэг ТТТӨ-г эмчлэхгүй. ТТТӨ-ий улмаас биеийн дархлаа суларч хоёрдогчоор нянгийн халдвараар хүндэрсэн тохиолдолд л антибиотикийг зөвхөн эмчийн заавраар хэрэглэдэг.

                Хувь хүн ТТТӨ-өөс хэрхэн сэргийлэх вэ                                                                     
-       ТТТӨ-өөс сэргийлэх гол арга зам нь томуугийн вакцин хийлгэх юм.
-       Томуугийн халдвар агуулсан агаарыг амьсгалахаас зайлсхийх нь ТТТӨ-өөс өөрийгөө сэргийлэх үндсэн зарчим юм.
·         ТТТӨ-ний идэвхжлийн үед амны хаалтыг заавал зүүх
·         Ханиаж, найтаах үедээ тохой руугаа эсвэл амны цаас, алчуур хэрэглэж хэвших
·         ТТТӨ-ний идэвжлийн үед ялангуяа эрсдэлт бүлгийн хүн  үзвэр, үйлчилгээ, олон нийтийн газар аль болох явахгүй байх
·         Зориулалтын агаар шүүгчийг гэр, ажлын өрөө тасалгаанд хэрэглэх
-       Гараа тогтмол зөв, зааврын дагуу савантайгаар угааж хэвших, спиртэнд суурилсан гар ариутгагчийг хэрэглэх
-       Улирлын байдалд тохируулан дулаан хувцаслах
-       Аминдэм, үүнд ялангуяа А, С аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх
-       Ажил амралтаа зөв зохицуулж, хангалттай амрах   
-       Өрөө тасалгаандаа чийгтэй цэвэрлэгээг тогтмол хийж хэвших
-       Өвчилсөн тохиолдолд гэртээ байж, эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх
-       Өвчин шинж тэмдэг даамжирсан тохиолдолд эмнэлэгт хандаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах